2011-03-17
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө-4


Дөрөв. Эзэнгүй хүүхэд

  Социализмын үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан арай өөр байсан юм шиг ээ. Нийгэм нь ч ялгаатай байсан учраас ёс суртахууны төлөвшлийг харь­цангуй сайн өгдөг байсан тал бий. Хэдий тийм ч тэр үеийн эцэг эхчүүд маш завгүй, дээрээс нь олон хүүхэдтэй айлд том нь багыгаа өсгөдөг  явдал ч нэлээд түгээмэл байсан. Тиймээс социа­лизмын үеийн гэр бүлүүдээс биеэ даасан хүмүүс нэлээд төрж байсан бол эрхийн тэнэг болсон айлын бага хүүхдүүд ч бас цөөн­гүй байдаг. Өнөөдөр ч тэр хүүхдүүдээс ах эгчийнхээ нөмөр нөөлгөнд амьдарч яваа нь олон. Харин орчин үед 3-4 хүүхэдтэй гэр бүлийг олон хүүхэдтэйд тооцдог болсон. Иймээс өнөө үед хүүхэд хүмүүжүүлэх асуудлыг бид арай өөр өнцгөөс нь харах цаг нэгэнт бий болсон. Баруунд  “Хүүхдийг долоон нас хүртэл хаан шиг өсгө, түүнээс хойш цэрэг шиг өсгө” гэдэг. Гэтэл манайхан эсрэгээр нь, нялх байхаас сургуулийн 3-4 анги хүртэл нь хараа хяналтан доороо өсгөчихөөд анги ахих тусам хичээлийг нь зааж өгч мэдэхгүй гэсэн нэрийдлээр зүгээр л гаргуунд нь хаячихдаг.

Нөгөө хошин шогийн нөх­дүүдийн хэлдэг шиг “Хэн  хаагуур ямар юмаа хийгээд дэмий тэнээд байгаа юм бүү мэд”. Нэг ёсондоо хүүхэд нь эзэнгүй орхигддог. Гэтэл хүүхэдтэйгээ хүүхэд шиг биш найз шигээ, том хүн мэт харилцах ёстой хамгийн чухал үе нь “Өсвөр үе” буюу “шилжилтийн нас”-наас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг.

Шилжилтийн нас

Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харил­цаа тэдний хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий бол­дог. Хүүхдийн гэсэн бүхий л шинжүүдээс зайлсхийхийг эрмэлз­дэг. Өөрийнхөө боломжийг дээ­гүүр үнэлдэг. Мөрөөдөлдөө авт­даг. Орчин үеийн хөгжим киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа. Охид бааранд сууж, нүүрээ байдгаараа будан, моодны дэгжин  хувцас өмсөн, урт янжуур зуун гоё эгч нарын аалийг даган дуурайхыг хүсдэг.  Хөвгүүдийн хувьд том ах нар шиг үнэтэй гоё машин унан, хотоор давхилдаж том том бизнес ярин, бие бие­нийхээ дээр гаран сагсуурч өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий.

Бэлгийн бойжилт энэ үед эрчим­тэй явагдаж, даавар тэдний бие болоод сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх, дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог. Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэт­гэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид хөвгүүдэд тун таагүй, цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг.  “Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн, жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд  энэ үед бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь жолоодох хэрэгтэй” гэж Германы сурган хүмүүжүүлэх ухааны зөвлөгч Ян-Увэ Роггэ хэлжээ.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax