2011-03-17
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө-3

Гурав. Харснаа дуурайдаг бага насныхан

  Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөл­гөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхино гээч. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархи­рахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг. Тэд ярьж чадахгүй ч гэсэн таны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх,  ярих үгээ цэгнэхгүй  бол болохгүй.  

Хүүхэд хөлд орж, ид хөдөл­гөөнтэй, дэгэж дэрэвсэн үедээ хамгийн болгоомжгүй байдаг. Нэг харах нь ээ халуун юм руу орчих гээд нөгөө харахад хаалганд гараа хавчуулчих гээд л. Чимээгүй алга болчихвол заавал ямар нэг юм сүйтгэж байгаа нь тодорхой. Болохгүй бүтэхгүй зүйл энэ үед л хамгийн их гардаг. Жаахан байхдаа би разетикний нүхэнд юм шургуулж үзмээр санагддаг байж билээ. Цэцэрлэгийн багш маань болохгүй гээд байхад л нарийн төмөр шургуулаад тогонд цохиулж ухаан алдсанаасаа хойш дахин тийш зүглээгүй юмдаг. Гараа түлнэ, ий болохгүй гээд байхад хүүхэд чинь плитка руу ойртох гэж дурлаад байвал тийм ч халуун биш байх үед нь нэг удаа гарыг нь хүргээд авахад гэмгүй. Хөөрхий дахин ойртоно л гэж үгүй.

Яг үүнтэй адил  хүүхэд бол­гон болохгүй гэсэн бүхэн рүү саваагүйтэн тэмүүлдэг. Туршлага сууж байж л хүн ухаан орно. Хаширсан хүн гэж харширсан хүнийг хэлнэ гэдэг шүү дээ. Монголчууд бидний хүүхдээ хүмүү­жүүлэх арга барилын томоохон алдааны нэг нь хүүхдийн санаач­лагын унтрааж гал дээр ус хийдэг явдал юм. Тэгж болохгүй ингэж болохгүй гэж аав ээж нь байнга зааварлан, номхон суулгаж л байвал л болох юм шиг санадаг. Ингэж хэт захиргаадаж хүмүүжүүлснээс болж таны хүүхэд ч бас бусдыг хэт их загнах, даран­гуйлах дуртай, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, бусдыг байгаагаар нь хүлээн авдаггүй, шүүмжилж, өөлөх, муулах хандлагатай бол­дог.

Бид хүүхдийнхээ санаачлагыг, шинийг сэдэх урам зоригийг дарснаас болж тэд үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, хүн намайг шүүмжилчих болов уу гэсэн байдалтай, идэв­хи санаачлага муутай хүн болон хүмүүжээд байна. Мөн цэцэр­лэгийн насныхныг “Далан худал­чийн нас”, “Үлгэрийн нас” гэх мэтээр нэрлэсэн нь тун онож хэлсэн үг шүү. Тэд энэ үедээ олон зүйлийг санаанаасаа худлаа зохиож ярьдаг. Гэхдээ хамгийн яршигтай нь өдөрт 10-20 удаа яагаад гэдэг асуултыг тавьдаг.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax