2011-03-08
Хүн худалдаалах гэм хэрэг

1. Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ

НҮБ-ийн Палермогийн протоколд “Хүнийг худалдаалах зорилгоор элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах, худалдах, худалдан авах үйлдлүүдийг хүн худалдаалах гэмт хэрэг /ХХГХ/ гэнэ” хэмээн заажээ. Гэтэл манай Эрүүгийн хуулинд өдгөөг хүртэл тэдгээрээс зөвхөн хүнийг худалдсан, худалдан авсан хоёр тохиолдлыг онцолж байв. Харин энэ сарын 24-ээс эхлэн мөрдөгдөх Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүнийг ашиг олох, хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор худалдаалсан, тээвэрлэсэн, орогнуулж, хүлээн авсан тохиолдлуудыг хамруулж байгаа нь харьцангуй дэвшилттэй алхам болсон.

 

2. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй хийж буй тэмцэл

1904 онд “Цагаан боол” худалдахыг хориглосон олон улсын гэрээ батлагдан гарснаас хойш дэлхий нийтээрээ 1910, 1921, 1933, 1949 онуудад эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахыг хориглосон олон улсын конвенцийг батлан гаргаж ХХГХ-тэй тэмцэж ирсэн түүхтэй юм байна. Монгол улс 1996 онд анх удаа ХХГХ-тэй холбоотойгоор Эрүүгийн хуулинд “Хүний биеийг үнэлүүлэхээр гадаадад гаргасан бол” /111.1/ гэсэн нэмэлт зүйл оруулсан бөгөөд түүнээс хойш 2002 онд “Хүн худалдах, худалдан авах” /113/ гэсэн шинэ заалт, 2008 онд “Хүн худалдах, худалдан авахаас гадна тээвэрлэж, орогнуулж, хүлээн авсан” зэрэг зохион байгуулалттай үйл ажиллагааг хамруулж өгчээ. Мөн 2005 онд Засгийн газраас “Хүн худалдах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан байна. Энэ бүхнийг монголын төр, засгаас илүүтэйгээр Азийн сан, Дэлхийн зөн, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүйсийн тэгш эрхийн төв болон бусад олон улсын, иргэний нийгмийн байгууллагуудын санаачлага, ХХГХ-т өртөж болзошгүй эрсдэлтэй бүлгүүдэд хийж буй сургалт, мэдээллийн идэвхтэй үйл ажиллагаа, лобби, нөлөөллийн стратегийн үр дүн хэмээн үзэж тэдэнд талархууштай.


3. Хүн худалдаалах гэмт хэрэг Дэлхийн хэмжээнд

Дэлхий дээр нэг минут тутамд 8 хүн хилийн дээс алхан эсвэл улс дотроо худалдагдаж байгаагийн дийлэнх хувь нь бэлгийн мөлжлөгт өртдөг байна. ХХГХ-нь дэлхий дээрх зэвсэг, хар тамхины наймааны дараа орохуйц хамгийн унац ихтэй хууль бус бизнесийн бөгөөд түүнээс жилд дунджаар 10 тэрбум ам.долларын ашиг олдог. ХХГХ-т холбогдож буй байдлаар нь дэлхийн улс орнуудыг гаргагч, хүлээн авагч, дамжуулагч улс орон хэмээн гурав ангилдаг бөгөөд гаргагч улс орнуудыг Хятад /Эрээн, Хөх хот, Бээжин/, Малайз, Макао, Солонгос, Япон, Турк, Югаслав, Гонконг, Сингапур, Израйл, Европийн орнууд тэргүүлдэг.

 

4. Хүн худалдаалах гэмт хэрэг Монголд

Манай улсын хувьд 2001 оноос өмнө дамжуулагч гэсэн ангилалд багтаж байсан бол түүнээс хойш монгол охидыг БНХАУ, Макао, Гон-Конг, БНСУ, Сингапур, Тайван, Турк, Израйл, Япон, Малайз болон Европийн холбооны улсуудад худалдагдсан хэрэг бүртгэгдэх болсноор гаргагч улсын ангилалд багтах болжээ. Мөн хүлээн авагч улс болсон тухай сүүлийн үед албан бус эх сурвалж мэдээлж байна.ХХГХ-ийн гаралтын тоо 2001 онд монголд 2 гэж бүртгэгдсэнээс хойш өдгөөг хүртэл 300 гаран хэрэг бүртгэгджээ. Гэхдээ энэ нь албан ёсны статистик юм. Монголын нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо хэмжээг динамикаар судлан тодорхойлсон социологийн судалгаануудаас үзэхэд нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо хэмжээ албан ёсны статистикаас дунджаар 4 дахин их байдгыг тогтоосон байдаг. Энэ утгаараа ХХГХ-ийн доод тал нь 1200 тохиолдол бүртгэгдэж ёстой байж. Тухайлбал, өнгөрсөн жил цагдаагийн газраас явуулсан судалгаагаар 1000 гаруй монгол охин Макао, Бээжин, Солонгос, Сингапурт биеээ үнэлж байгаа гэдэгч зөвхөн Эрээнд 200-300, Макаод 500, Бээжинд 300-500 монгол охин шөнийн цэнгээний газар, саун, массаж, зочид буудал, гудамж талбайд биеээ үнэлдэг тухай албан бус эх сурвалж байдаг ба тэдний 70 орчим хувь нь албадлага, хүчирхийллийн золиос болж байдаг.

 

5. Монголд үйлдэгдэж буй ХХГХ-ийн шалтгаан ба хэлбэрүүд

ХХГХ-т өртөх магадлал нь хохирогчдын эдийн засаг, санхүүгийн эмзэг байдалтай холбоотой байна. Хохирогчдын дийлэнх нь үйлчилгээний газар ажиллагсад, их дээд сургуульд суралцаж буй залуучууд, сургууль төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаж чадахгүй эмэгтэйчүүд байв. Энэ нь нөгөө Монголын нийгмийн суурь асуудлууд болох ядуурал, ажилгүйдэл, боловсролын системийн гажиг, авлига дээр суурьлаж байна. Бэлгийн мөлжлөг, хуурамч гэрлэлт, хүчээр хулгай хийлгэх зэрэг нь монголд үйлдэгдэж буй ХХГХ-ийн зонхилох хэлбэрүүд болно. Тухайлбал, хуурамч гэрлэлтийн асуудал эрс ихэсчээ. ИБМУГ-ын мэдээллээр 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад гадаад иргэдтэй гэрлэлтээ батлуулж буй монгол иргэдийн тоо хэмжээ 15 дахин нэмэгджээ. Тэдний 95 хувь нь эмэгтэйчүүд ба БНСУ, Япон, БНХАУ, Герман, ОХУ, АНУ зэрэг орнуудын иргэдтэй гэрлэх явдал түгээмэл байна. Солонгос иргэдтэй гэрлэсэн эмэгтэйчүүдтэй хийсэн судалгаанаас үзвэл судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 70 гаран хувь нь гэрлэлтэндээ сэтгэл хангалуун биш байдаг аж. Солонгос нөхрийнхөө гэрт цэвэрлэгээ, хоол унд хийх, нөхрийнхөө хамаатнуудыг харж асрах, аж ахуйд туслах, нөхөртэйгээ бэлгийн харилцаанд орох зэрэгт судалгаанд оролцогчдын цөөнгүй хувь нь хүчинд автсаны улмаас хийдэг гэжээ.

 

 

6. 1903 дугаарын утсаар ХХГХ-ийн мэдээлэл хүлээн авч байна

Хүйсийн тэгш эрхийн төв 1903 дугаарын утсаар ХХГХ-тэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд, ажлын цагуудаар иргэдээс хүлээж авдаг юм байна. Тэд хандсан иргэдэд хуулийн зөвөлгөө өгөхөөс гадна хохирогчдыг эх оронд нь авч ирэх зэрэг олон ажил зохион байгуулдаг.

Дэлхийн 137 оронд хүнийг худалдаалж байна

ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг “Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх олон улсын нөхцөл байдал” илтгэлд дурдсанаар дэлхийн 127 орноос охид, эмэгтэйчүүдийг худалдан авч, 137 оронд худалдаалж байна. Тухайлбал, Азийн орнуудын 92 хувь нь илгээгч, 44 хувь нь хүлээн авагч байдаг байна. Манай улс илгээгч гэсэн ангилалд багтдаг гэнэ. Дэлхийн жишгээр эмэгтэйчүүдийг сексийн, албадан хөдөлмөр эрхлүүлэх, аялал жуулчлалын секс, хүний эд эрхтний наймаанд ашиглах зорилгоор худалдаалдаг аж. Иргэдийн мэдлэг, мэдээлэл муу байх нь хүн худалдаалах гэмт хэрэг хөгжих гол үндэс болдог гэнэ. Мөн хүйсийн тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн доогуур байр суурь, ажилгүйдэл, орлогын тэгш бус хуваарилалт, байгалийн гамшиг, улс орнуудын хамтын ажиллагаа болон хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа сул байх нь хүний наймаа хөгжихөд нөлөөлдөг байна. Эдгээр нөхцөлөөс үүдэн сүүлийн таван жилд 29 орны бэлгийн мөлжлөгт өртсөн 500 гаруй хүүхдийн судалгааг Интерпол гаргасан байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax